Статистик мэдээллийг хэрхэн хайж олох вэ?
Аливаа асуудлыг тоогоор баталгаажуулах, нөхцөл байдлыг тодруулах, шалтгааныг олох, өөрийн санаагаа бататгах, шинэ шийдэл хайх гэх мэт олон тохиолдолд зайлшгүй статистик тоон мэдээлэл хэрэгтэй болдог. Тэгвэл статистик мэдээллийг хэрхэн хайж олох вэ?
Та яг одоо ямар нэг статистик хайж байгаа бол дараах алхамуудын дагуу хайгаад үзээрэй.
Алхам 1.
Ямар ч орны албан ёсны статистик мэдээллийг тухайн улсын статистикийн байгууллага нь гаргадаг. Манай улсын хувьд Үндэсний статистикийн хороо (ҮСХ) юм. Та өөрт хэрэгтэй мэдээллээ хамгийн түрүүнд ҮСХ-ноос хайх хэрэгтэй.
Эндээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, үзүүлэлтийн дагуу гаргасан статистик мэдээллийг олох болно. Сүүлийн жилүүдэд ҮСХ-ны мэдээлэл түгээх хэлбэр, цар хүрээ ихээхэн сайжирч ҮСХ-ноос гарч буй, олон нийтэд нээлттэй бүхий л мэдээлэл цахим орчинд нээлттэй болсон.
Та ҮСХ-ны статистик мэдээллийг:
- www.1212.mn цахим хуудсаар
- 1212.mn нэртэй гар утасны аппликейшн ашиглан
- 1900–1212 лавлах утсаар авах боломжтой.
Статистикийн мэдээлэл нь засаг захиргааны хамгийн бага нэгжээс эхлэн цуглуулагдаж нэгтгэгдэн гардаг. Өөрөөр хэлбэл баг, хорооноос эхлэн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын статистик болон бүртгэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн яамд, агентлагууд, Монголбанк, аж ахуйн нэгж байгууллагуудаас ҮСХ-нд мэдээлэл ирүүлдэг. ҮСХ нь мөн тогтмол тооллого, судалгаа хийх замаар мэдээллийн сангаа бүрдүүлдэг.
ҮСХ-ноос дараах төрлийн мэдээллүүдийг гаргадаг.
- Макро эдийн засгийн статистик
- Хүн ам, нийгмийн статистик
- Үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистик
- Шүүхийн статистик
- Хүрээлэн буй орчны статистик
Зөвлөмж: www.1212.mn < Дэд мэдээллийн сан < Тооллого судалгааны каталоги гэж орвол ҮСХ-ноос хийсэн бүхий л тоолого, судалгаатай танилцах боломжтой. Хамгийн гол нь та эндээс судалгааны анхдагч мэдээллийг авах боломжтой байдаг. Тухайлбал Ажиллах хүчний судалгааны тайлан, аргачлал, санал асуулгын маягт болон санал асуулгаар цуглуулсан дэлгэрэнгүй тоон мэдээллийг SPSS файл хэлбэрээр татан авах боломжтой.
ҮСХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудаас мөн мэдээлэл авч болно. Нийслэлийн статистик мэдээлэл www.ubstat.mn цахим хуудсанд нээлттэй байдаг. Мөн зарим аймгийн статистикийн хэлтсүүд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ түгээдэг. Аймаг, нийслэлийн статистикийн газраас гардаг мэдээллүүд нь ҮСХ-ны мэдээллийн анхдагч эх үүсвэр болох ба илүү дэлгэрэнгүй мэдээллүүд байдаг. Гэхдээ бүх мэдээллийг цахимаар авах боломжгүй тул та албан бичгээр хандан мэдээлэл хүсэж болно.
Алхам 2.
Хэрэв таны хайж буй мэдээлэл албан ёсны статистик мэдээ болж гардаггүй буюу ҮСХ-ны мэдээллийн санд байдаггүй эсвэл байсан ч танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байвал дараагийн алхам руу шилжих хэрэгтэй. Энэ бол төрийн байгууллагуудын статистик мэдээлэл юм. Та ҮСХ-ноос гардаггүй боловч албан ёсны гэж тооцогдох статистик мэдээллүүдийг холбогдох яам, газар, агентлагуудаас олох боломжтой.
ҮСХ нь салбарын статистик мэдээллүүдийг өөрийн баталсан аргачлалын дагуу захиргааны байгууллагуудаас цуглуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тиймээс захиргааны байгууллагуудад илүү дэлгэрэнгүй мэдээлэл байх боломжтой. Та юун түрүүн эдгээр байгууллагын цахим хуудаснаас хайлтаа эхлэх нь зүйтэй. Яамд, агентлагуудын цахим хуудсанд Статистик мэдээлэл гэсэн хэсэг байдаг. Энд таны хүссэн мэдээлэл байвал та өөрийгөө азтайд тооцож болно. Гэвч Статистик мэдээлэл гэсэн хэсэг огт байхгүй, байсан ч мэдээлэл нь хуучирсан, дутуу байх нь элбэг тул та албан бичгээр хүсэлт гаргах, эсвэл холбогдох мэргэжилтэнтэй биечлэн уулзах хэрэгтэй болно.
Жишээ нь та мөнгө санхүүтэй холбоотой мэдээлэл хайж байгаа бол Монголбанк таны гол эх үүсвэр болно. (www.mongolbank.mn) Мөнгөний нийлүүлэлт, төлбөрийн тэнцэл, валютын ханш, зээл, хадгаламж, гэх мэт мэдээллийн анхдагч эх үүсвэр нь Монголбанк юм. ҮСХ нь Монголбанкнаас эдгээр мэдээллийг авах ба Монголбанк мөн ҮСХ-ноос гардаг зарим мэдээллүүдийг авч түгээдэг.
Алхам 3.
Таны хайж буй мэдээлэл албан ёсны статистик мэдээллээр огт гардаггүй бол яах вэ? Энэ тохиолдолд та судалгааны байгууллага, судлаачдын хийсэн ажлуудтай танилцан тэдний бий болгосон анхдагч мэдээллүүдийг ашиглах боломжтой.
Тэгвэл Монголд судалгаа хийдэг ямар ямар эх үүсвэрүүд байна вэ?
- Судалгааны байгууллагууд
Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, судалгааны чиглэлээр дагнан ажилладаг байгууллагуудаас мэдээлэл авч болно. Тухайлбал Нээлттэй нийгэм форумын www.forum.mn цахим хуудас, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн www.eri.mn цахим хуудаснаас эдийн засгийн судалгааны сан, www.legaldata.mn хуудаснаас хууль зүйн судалгааны сантай танилцаж болно.
Салбарын судалгаа, бүтээлүүд ихэвчлэн тухайн салбарынхны дунд түгээгддэг, олон нийтэд төдийлөн хүрдэггүй тул тэдгээрийг хайж олох хэрэг гарна.
- Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд
Монгол үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд өөрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн судалгааны ажлууд хийдэг. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн сан гээд олныг дурьдаж болно. Олон улсын байгууллагуудын судалгаа нь гадаадын болон дотоодын судлаачид, зөвлөхүүдийн бүтээлүүд байдаг.
- Их, дээд сургуулиудын судалгааны сан
Их, дээд сургуулийн багш нарын бүтээлүүд болон магистр, докторын ажлуудад танд хэрэгтэй статистик мэдээлэл байхыг үгүйсгэхгүй.
- Салбарын холбоо, ТББ-ууд
Салбарын холбоод, ТББ-уудад мөн үйл ажиллагааны явцад цугларсан статистик мэдээллийн сан, хийгдсэн судалгаанууд байх боломжтой.
Алхам 4.
Та олсон статистик мэдээллээ олон улсын түвшинтэй харьцуулах, бусад улс орнуудын мэдээллээр баяжуулахыг хүсвэл дараах эх үүсвэрүүдийг ашиглаж болно.
- Улс орнуудыг харьцуулсан судалгаанууд
Дэлхийн улс орнуудыг хооронд нь харьцуулан үнэлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон судалгаанууд байдаг. Эдгээр судалгаануудад Монгол Улс ч хамрагдсан байдаг. Та сонирхож буй сэдвээрээ хайгаад үзэх хэрэгтэй. Тухайлбал, Дэлхийн банкны Бизнес эрхлэхүй судалгаа (Doing business index), Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан (The Global Competitiveness Report), Transparency International байгууллагын Авлигын индекс (Corruption Perceptions Index), НҮБ-ийн Дэлхийн аз жаргалын индекс (World Happiness Report) гэх мэт судалгаанаас та Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хаана явааг мэдэж болно.
- Олон улсын байгууллагуудын статистик мэдээллийн сангууд
Дэлхийн улс орнуудыг хамарсан хамгийн том мэдээллийн сантай олон улсын байгууллагуудаас дурдвал Дэлхийн банк (www.data.worldbank.org), Нэгдсэн үндэстний байгууллага www.data.un.org зэргийг дурьдаж болно.
- Салбарын олон улсын байгууллагууд
Танд ямар салбарын мэдээлэл хэрэгтэй байгаагаас хамааран тухайн салбарт янз бүрийн олон улсын байгууллага, холбоод ажилладаг байж болно. Тухайлбал та хөдөлмөр эрхлэлтийн талаар сонирхож байвал Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), эрүүл мэндийн талаар сонирхож байвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), эрчим хүчний талаар сонирхож байвал Олон улсын эрчим хүчний агентлаг (World Energy Agency) гэх мэтчилэн олон байгууллагууд байдаг.
- Улс орнуудын статистикийн байгууллагууд
Мөн бусад улс орнуудын статистикийн байгууллагуудын цахим хуудсаар зочлон хэрэгтэй мэдээллээ авч болно.
- Гадаадын судалгааны мэргэшсэн байгууллагууд
Өөрийн сонирхож буй сэдвээр ижил төстэй судалгааны ажлуудыг гадны эх үүсвэрээс хайж олон мэдээлэл авч болно.
Алхам 5.
Таны хайсан мэдээлэл хаана ч байхгүй байна уу, эсвэл та бодит байдлыг өөрөө тодруулахыг хүсэж байна уу? Тэгвэл та статистик мэдээллийг анхдагч байдлаар үүсгэж болно.
Судалгаа, санал асуулга, тооллого, ажиглалт хийх замаар статистикийг та өөрөө бүтээх боломжтой.
Эцэст нь хэлэхэд аливаа статистик мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс хайж олох хийгээд шинээр бүтээх аль аль нь тодорхой хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Иймээс та энэ бүх ажлыг мэргэжлийн багт даатгах нь илүү ухаалаг шийдэл ч байж болох юм.
Тунгаахуй өгөгдлийн урлан