“Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлгийн эргэн тойронд

Tungaahui Data Studio
6 min readSep 30, 2022

--

Нээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран хэрэгжүүлж буй “Нээлттэй өгөгдөлд суурилсан нээлттэй засаглалыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Үндэсний статистикийн хороотой хамтран нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн байгууллагуудад “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 9 дүгээр сарын 22-нд зохион байгуулав.

Энэ хүрээнд нээлттэй өгөгдлийн талаар гол ойлголтууд, нээлттэй өгөгдлийг үүсгэх, нийтлэхэд анхаарах асуудлууд, нээлттэй өгөгдлийн бодит хэрэглээний талаар мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж, нээлттэй өгөгдлийн үнэ цэн, төр өгөгдлөө нээлттэй болгосноор бий болох боломжуудын талаар онцоллоо. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нээлттэй өгөгдлийн чиглэлээр ҮСХ үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа мэдээлэв.

ЦХХХЯ-наас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нээлттэй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бодитой үнэ цэн бий болох талаар бодлогыг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээлттэй өгөгдлийг ашиглан авилгаас ангид нийгмийг бүтээх, мэдээллийг ил тод болгох, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нээлттэй өгөгдлийг ашиглаж эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах боломж бүрдүүлэхийн тулд хуулийн дагалдах журмуудын хэрэгжилтэд анхааран ажиллаж буйгаа онцоллоо. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд нээлттэй өгөгдлийг ашиглаж шийдвэр гаргах, өгөгдлийн салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэх бодлого барьж ажиллах шаардлага үүсч буйг дурьдав. ЦХХХЯ-наас салбарын бодлогоо тодорхойлж, өгөгдлийг нээлттэй болгож, бодлогын дэмжлэгүүдийг үзүүлж, хувийн хэвшилтэй нээлттэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

Сургалт, хэлэлцүүлгээр ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд, ҮСХ-ны ТӨШГ-ын Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн дарга О.Мандахзориг нар нээлттэй өгөгдөл болон мета өгөгдөл үүсгэж буй туршлагаасаа хуваалцаж, Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа нээлттэй өгөгдлийн олон улсын туршлагын талаар мэдээлэл өгч, МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Г.Амарсанаа нээлттэй өгөгдлийг бэлтгэх, үүсгэх, нийтлэхэд анхаарах асуудлуудын талаар хөндөж, Ай Си Ти Групп ХК-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Ю.Буд, Мезорн ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр нар нээлттэй өгөгдлийн үнэ цэнийг бизнесийн салбарт хэрхэн ашиглаж буй талаар, Тунгаахуй өгөгдлийн урлангийн Үүсгэн байгуулагч Э.Тунгалаг нээлттэй өгөгдлийг бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх талаар танилцууллаа.

- — -

ҮСХ-ны зүгээс статистик мэдээллээ нээлттэй түгээх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээ илэрхийллээ. Мөн ҮСХ төрийн байгууллагуудын мэдээллийн чанарыг сайжруулах, уялдаа холбоог хангах, нэгдмэл байдлыг хангах, статитикийн байгууллага өөрөө задгай мэдээллийг нээлттэй түгээдэг болох үүднээс энэ оны 10 дугаар сараас ЦХХХЯ-тай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төрийн их өгөгдөл” төслийг эхлүүлэхээр болсноо зарлав. Статистикийн байгууллагын хувьд уламжлалт статистикийн байгууллагаас өгөгдлийн удирдлагын институтын хэлбэрт шилжих шилжилтийн үедээ явж буй буюу тус тусдаа байгаа төрийн мэдээллийн сангуудыг нэг экосистемд оруулах, холбох, өгөгдлийн сан үүсгэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагын мэдээллийн сангуудын мета өгөгдлийг нэгтгэн цуглуулах, түүнд үндэслэн тэдгээрийг хооронд нь нийцүүлэх, стандартчилах үйл ажиллагаанууд хэрэгжиж, өгөгдлийн катологийг зөв зохион байгуулах, төрийн байгууллагуудын өгөгдлийн сангуудыг холбох нөхцөл бүрдэнэ.

Өгөгдлийн тухай өгөгдөл буюу мета өгөгдөл нээлттэй өгөгдөлд маш чухал. Учир нь өгөгдлийг ашиглахын тулд өгөгдлийн гарал үүсэл, мөн чанарыг олж нээх шаардлагатай байдаг. ҮСХ мета өгөгдлийн сан удирдах систем үүсгэж бүх өгөгдлийн мета өгөгдлийг нэг стандартад оруулж, агуулгын давхардалгүй болгон ажиллаж байна.

- — -

Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн хүрээнд байгалийн нөөцийн холбогдолтой өгөгдлийг цуглуулах, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох тухай зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл ашиглаж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг сургах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019 онд хийсэн судалгаагаар[1] нээлттэй өгөгдлийн хүрээнд тулгарч буй 5 гол бэрхшээлийг тодорхойлоход ил тод болгож буй мэдээлэл эрэлтэд нийцээгүй байх, өгөгдөл хуучирсан ашиглагдахуйц бус байх, өгөгдөл ашиглагч нарын чадавх муу, орон нутгийн иргэд ил тод болсон мэдээлэлд итгэх итгэл сул байна гэсэн үр дүнгүүд гарсан. Мөн төр нээлттэй өгөгдлийг үүсгэхдээ шууд жагсаалт гаргаж эхлэхээс илүү өгөгдлийн сангаа эхлээд үнэлэх, эрэлтийг тодорхойлох, хэрхэн нээлттэй өгөгдлөө үүсгэх замын зураглалыг гаргах, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах, өгөгдлийг ашиглах үйл ажиллагаанууд зохион байгуулах гэдэг дарааллаар явах шаардлагатай гэж зөвлөдөг. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайтай холбоотой мэдээлэл бүхий 10 төрийн байгууллагын өгөгдлийн эрэлтийг үнэлэх ажил хийгдэж байна. Мөн эдгээр өгөгдлүүд хэр нээлттэй байгаа, нээлттэй болгоход хэр их техникийн болон хүний хүчин зүйлийн саад байгааг үнэлж нэн тэргүүнд нээлттэй болгох, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг төр системтэйгээр нээлттэй болгодог туршлагаа сайжруулах хэрэгтэй байгааг онцоллоо.

- — -

МУИС-ийн 2018 онд үүсгэсэн data.num.edu.mn нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд МУИС-ийн 35 өгөгдлийн бүрдлийг нээлттэй лицензтэй, excel, csv форматаар нээлттэй нийтэлсэн.

Өгөгдлийн чанарын тухайд үнэн зөв, бүрэн, бүтцийн хувьд хэрэглэхэд хялбар зэрэг олон шалгуур байдаг. Нээлттэй өгөгдлийн чанарыг 5 түвшинд буюу 5 одны схемээр авч үздэг. Нээлттэй өгөгдөл гэдэг нь нээлттэй ашиглахыг зөвшөөрсөн буюу нээлттэй лицензтэй өгөгдлийг хэлэх ба нээлттэй лицензтэй, pdf форматтай бол 1 од (хүн унших боломжтой), нээлттэй лицензтэй, excel форматтай бол 2 од (тооцоолол хийх боломжтой), нээлттэй лицензтэй, csv нээлттэй форматтай бол 3 од, нээлттэй лицензтэй, хоорондоо холбогдох боломжтой нэг эх үүсвэрийн өгөгдөл бол 4 од, нээлттэй лицензтэй, бусад эх үүсвэрийн өгөгдөлтэй холбогдох боломжтой өгөгдөл бол 5 одоор үнэлнэ.

Дээрх порталд өгөгдлийг хооронд нь холбож ашиглах боломжийг мөн бүрдүүлсэн. Ашиглах нөхцөлийн хувьд CC BY, CC BY SA нөхцөл буюу эх үүсвэрээ дурьдаад ашгийн зорилгоор ашиглах боломжтойг заасан. Нээлттэй өгөгдлийн гол агуулга нь мэдэх эрх гэдгээс гадна өгөгдлийг ашиглаад ашиг олох тухай сүүлийн үед яригддаг болсон. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журмын 4.1.2-д арилжааны бус нөхцөлөөр ашиглах гэж заасан нь нээлттэй өгөгдлийн суурь ойлголттой зөрчилдөж байгааг анхаарах хэрэгтэй.

Цаашид нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхэд улс төрийн манлайлал маш чухал байна. Ялангуяа дунд шатны менежерүүдийн манлайлал чухал байна. Мөн нээлттэй өгөгдлийг үүсгэх, ашиглах сайн жишээнүүд гаргаж ирэх хэрэгтэй. Түүнчлэн хуулийн үээл баримтлал, журмыг нээлттэй өгөгдлийн үзэл баримтлал, чиг хандлагад харшлахуйц бус болгон өөрчлөлт оруулах шаардлагатай. Чадавхийг сайжруулах сургал зохион байгуулах хэрэгтэй.

- — -

Бизнесүүдийн хувьд ялангуяа технологийн бизнесүүд өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлээд эхэлсэн. Тухайлбал Ай Си Ти Групп нээлттэй өгөгдлийн платформд суурилсан Дижитал аймаг төслийг, Mezorn ХХК Юбикаб төслийг хэрэгжүүлж байна.

- — -

Хурлын дүгнэлт

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар нээлттэй өгөгдлийн салбарын суурь эрх зүйн орчин бүрдсэн. Цаашид нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал бөгөөд төрд цугларч буй их өгөгдлийн урсгалыг зөв чиглүүлэх, чанартай өгөгдөл үүсгэх, бодитойгоор ашиглах замаар өгөгдлийн үнэ цэнийг нээх нь чухал юм.

Төрийн байгууллага мэдээлэл хариуцагчийн үүргээр өгөгдлөө нээлттэй болгох, бизнесийн байгууллагууд, иргэд сайн дураараа өгөгдлөө нээлттэй болгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өгөгдлийг ашиглах, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх замаар өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Төрийн өгөгдөл нээлттэй болсноор төр өгөгдөлд суурилсан оновчтой бодлого тодорхойлох, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.

ЦХХХЯ-наас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нээлттэй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бодитой үнэ цэн бий болох талаар бодлогыг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах ба ҮСХ төрийн байгууллагуудын мэдээллийн чанарыг сайжруулах, уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах “Төрийн их өгөгдөл” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд өгөгдлийн чанарын асуудал маш чухал бөгөөд нээлттэй өгөгдлийн мета өгөгдөл, нээлттэй өгөгдлийн лиценз, формат, хэрэглэхэд хялбар байдал зэргийг анхаарч нийтлэх хэрэгтэй. Мөн нээлттэй өгөгдлийн эрэлтийг тодорхойлох, үнэлэх, түүнд тулгуурлан хэрэгцээтэй нээлттэй өгөгдлийг үүсгэх нь зүйтэй. Төрийн байгууллагууд өөрт байгаа болон шинээр бий болгох боломжтой өгөгдлөө тодорхойлох, өгөгдлийн эрэлт, хэрэгцээг үнэлэх, өгөгдлөө үүсгэх, нийтлэх төлөвлөгөө гаргах, өгөгдлийн стандарт маягт, загваруудаа боловсруулах зэргээр нээлттэй өгөгдлийн замын зураглалаа гаргаж, системтэй ажиллах хэрэгтэй.

Нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон үүсгэхэд удирдлагын манлайлал, оролцоо чухал. Нээлттэй өгөгдлийн мөн чанар, үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Чадавхи, ойлголтыг сайжруулах сургалтууд зохион байгуулах хэрэгтэй. Мөн нээлттэй өгөгдлийг үүсгэх, ашиглах сайн жишээнүүдийг сурталчлах нь зүйтэй.

Бизнесүүдийн хувьд ялангуяа технологийн бизнесүүд өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлээд эхэлсэн. Төрийн өгөгдөл нээлттэй болох тусам өгөгдөлд суурилсан эдийн засгийн үнэ цэн бүтээх боломж байна.

Нээлттэй өгөгдлийн гол агуулга нь мэдэх эрх гэдгээс гадна өгөгдлийг ашиглаад эдийн засгийн үнэ цэнэ бүтээх юм. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журмын 4.1.2-д арилжааны бус нөхцөлөөр ашиглах гэж заасан нь нээлттэй өгөгдлийн суурь ойлголттой зөрчилдөж байгааг анхаарах хэрэгтэй.

Өгөгдлийн салбарт боловсон хүчний хомсдол тулгарч буй бөгөөд төрийн байгууллагууд нээлттэй өгөгдлийн холбоотой зөвлөх үйлчилгээг нэг удаад бус урт хугацааны үйлчилгээ хэлбэрээр авах замаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллавал үр дүнтэй.

Нээлттэй өгөгдлийн хөгжил нь шинэ санаа, инновацийг дэмждэг. Асуудлыг нээж, асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Өгөгдлийг нээлттэй болгосноор өгөгдөл эдийн засгийн эргэлтэнд орж, өгөгдөлд сууурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, шинэ бизнес хөгжиж, баялаг бүтээгддэг. Өгөгдлийн энэхүү олон боломжийг нээж, ашиглахын тулд салбарын эрх зүйн орчин бүрдэж буй энэ цаг үед нээлттэй өгөгдлийн бодит хэрэглээг бий болгох, нээлттэй өгөгдлийг ашиглах соёлыг бий болгох шаардлагатай юм.

--

--

Tungaahui Data Studio
Tungaahui Data Studio

Written by Tungaahui Data Studio

Өгөгдөл үнэ цэнэтэй бас гайхалтай. Түүнийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах нь урлаг юм. Тунгаахуй өгөгдлийн урлан

No responses yet