Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд тавигдах шаардлага

Tungaahui Data Studio
2 min readSep 30, 2022

--

Төрийн нээлттэй өгөгдлийн талаар тусгасан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 200 дугаар тогтоолоор “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам”-ыг баталсан.

Үүнд мэдээлэл хариуцагч нээлттэй өгөгдлийг нийтлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба 2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-тай байх, төлбөргүй татаж авах боломжтой байх, нээлттэй өгөгдлийг ашиглах нөхцөлийг заах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад заасан хугацаанд шинэчлэгддэг байх, нийтэлсэн нээлттэй өгөгдөлд өөрчлөлт орсон тохиолдолд өмнөх болон шинэчилсэн хувилбарыг хамт нийтлэх, өөрийн цахим хуудсанд нээлттэй өгөгдлийн цэс үүсгэх шаардлагыг тусгажээ.

Олон улсын түвшинд авч үзвэл нээлттэй өгөгдлийн чанарыг үнэлдэг 5 одны схемийг ашиглаж байна. 2010 онд World Wide Web-ийг зохион бүтээгч Сэр Тим Бернерс-Ли нээлттэй өгөгдлийн 5 одны схемийг санаачилсан. (https://5stardata.info/en/)

Юуны түрүүнд нээлттэй өгөгдөл нь нээлттэй ашиглахыг зөвшөөрсөн буюу нээлттэй лицензтэй байх шаардлагатай. Дээр дурдсан журамд нээлттэй өгөгдлийг ашиглах нөхцөлийг заах хэмээн тодорхойлжээ. Нээлттэй өгөгдлийн лицензийн тухайд түгээмэл ашиглагдаж буй Creative Commons лицензийг ашиглах боломжтой. Тухайлбал Үндэсний статистикийн хороо нээлттэй өгөгдлийн www.1212.mn цахим хуудсандаа тус лицензийг ашиглан CC BY 4.0 тэмдэглэгээтэйгээр өгөгдлийг чөлөөтэй ашиглаж болох бөгөөд ингэхдээ зохиогчийг дурьдах шаардлагатайг зааж өгсөн байна.

Нээлттэй өгөгдлөө нээлттэй болохыг зааж өгөөд цахим хуудсанд байршуулсан бол 1 одоор үнэлнэ. Нээлттэй өгөгдлийн формат нь машин унших боломжтой байвал 2 одоор үнэлнэ. Энэ нь хэрэглэгч нээлттэй өгөгдөлд тооцоолол хийх, өөр формат руу хөрвүүлэх гэх мэт боломжтой болно гэсэн үг. Журамд 2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-аар нээлттэй өгөгдлийг нийтлэхийг заасан нь энэхүү шаардлагатай нийцэж байна.

Цаашилбал нээлттэй өгөгдлийн формат нь үнэ төлбөргүй ашиглах боломжтой csv нээлттэй форматтай бол 3 одоор үнэлэгдэнэ.

Харин нээлттэй өгөгдөл нь хоорондоо холбогдох боломжтой нэг эх үүсвэрийн өгөгдөл бол 4 одоор, бусад эх үүсвэрийн өгөгдөлтэй холбогдох боломжтой өгөгдөл бол 5 одоор үнэлнэ.

Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд тавигдах шаардлагад нээлттэй өгөгдөл холбогдох боломжтой байх тухай одоогоор тусгаж өгөөгүй бөгөөд дээр дурьдсан шаардлагуудаас гадна нээлттэй өгөгдөл нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад заасан хугацаанд шинэчлэгддэг байх, нийтэлсэн нээлттэй өгөгдөлд өөрчлөлт орсон тохиолдолд өмнөх болон шинэчилсэн хувилбарыг хамт нийтлэх, өөрийн цахим хуудсанд нээлттэй өгөгдлийн цэс үүсгэх шаардлагуудыг тусгаад байна.

--

--

Tungaahui Data Studio
Tungaahui Data Studio

Written by Tungaahui Data Studio

Өгөгдөл үнэ цэнэтэй бас гайхалтай. Түүнийг хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах нь урлаг юм. Тунгаахуй өгөгдлийн урлан

No responses yet